Баялаг бүтээгч
2022.01.29 15:28
1469
“БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО” САР ШИНИЙН БАЯРААР ӨРХ БҮР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХИЙГ УРИАЛЛАА

Монгол түмэн ирэх жилдээ өнгөтэй өөдтэй, элбэг дэлбэг байхыг бэлгэдэж үндэсний баяр Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Энэ тэмдэглэлт баярт зориулж нэг өрх дунджаар 2 сая орчим төгрөг зарцуулдаг гэх тооцоо бий. Ингэхдээ импортоор орж ирсэн, чанаргүй бүтээгдэхүүн түлхүү худалдаж авдаг нь хамгийн буруу алхам юм. Тиймээс “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” учран золгох бар жилдээ айл бүрийн ширээ үндэсний идээ ундаагаар элбэг хангалуун, хүн бүр уламжлалт хувцасаараа гоёж дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг уриаллаа.


           Монгол Улсаа хөгжүүлж, импортлогч орноос эх орондоо үйлдвэрлэгч, цаашлаад экспортлогч орон болохын тулд  үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг ард иргэд, байгууллагууд худалдан авч, хөрөнгө оруулалтаар дэмжих хэрэгтэй. Эдийн засгаа төрөлжүүлж, шинэ технологи, инновацид  суурилсан хөнгөн болон хүнд аж үйлдвэрийн салбараа өргөжүүлэн хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэж, ажилгүйдэл ядуурлыг арилгаж, үйлдвэрлэл хөгжсөн орон болохын төлөө ард иргэд бид бүхэн Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж, хэвших үзэл санааг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна. Иймд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос “Үндэсний үйлдвэрээ дэмжицгээе”гэсэн уриалгыг “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын төр, төрийн байгууллага, хувийн хэвшил болон нийт ард түмэндээ гаргаж байна.