Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.05.26 23:35
5665
Насанд хүрээгүй хүүхдүүд хүний машин унаж яваад хүн дайрч, хэргийн газраас зугтжээ

2022 оны тавдугаар сарын 24-ний 03.08 цагт ХУД-ийн 5-р хороо Наадамчдын гудамж Яармаг орчимд ачааны автомашин 40-45 орчим насны эрэгтэйг дайрч амь насыг хохироосон гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас тухайн ослын газрын үзлэгийг хийн, шалгалтын ажиллагаа явуулах хугацаанд амь хохирогчийг суудлын машин мөргөж хэргийн газрыг орхиж явсан нөхцөл байдал тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж тухайн тээврийн хэрэгслийг олж тогтооход иргэн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танил насанд хүрээгүй хүүхдүүдэд тээврийн хэрэгслээ өгч явуулснаар уг хүүхдүүд машиныг унаж явж байхдаа зам хөндлөн гарч явсан иргэнийг мөргөж ослын газрыг санаатай орхиж явсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Дээрх зам тээврийн ослын шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хохирогч эрэгтэйг хэн болох, гэр бүл, садан төрлийг тогтоохоор ажиллаж байгаа тул гэр бүл, төрөл садан дотроос алга болсон,  ойрын болон удаан хугацаанд хайж байгаа хүн байвал Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэст хандана уу!

Өнгөрсөн даваа гарагт мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлсэнээр 2 хүн амь эрсдэж, 2 бага насны хүүхэд, 3 том хүн хүнд гэмтсэн осол гарсан билээ.

Сэрэмжлүүлэг: Цагдаагийн байгууллагаас жолооч, эцэг эхчүүдэд насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхад анхаарч өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.