Сүүлийн жилүүдэд Шиньжяны Гулз хот "тээвэр + аялал жуулчлалын" цогц арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж, нийгэм эдийн засгийн хөгжлийг ахиулан, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байна.
Алма байгалийн үзэсгэлэнт газар нь уул нуруу, тал хээр, гол мөрөн, морин спорт, зэрлэг жимсний ой, халуун рашаан, хавцал ганга зэрэг жуулчлалын нөөцийг нэгтгэсэн аялал жуулчлалын бүс бөгөөд Гулз хотоос хамгийн ойр байдаг тал нутгийн соёлын аялал жуулчлалын газар юм.
2021 онд зам тээвэр, аялал жуулчлалын нэгдлийг ахиулж, хөдөө тосгоны аялал жуулчлалыг чанартай хөгжүүлэхийн тулд Гулз хотын тээврийн товчоо Алма цанын баазад аялал жуулчлалын тусгай зам тавьсан байна. Экологийн таатай орчин, замын хөдөлгөөний ая тухтай байдлыг хараад Жан Юнфэн Алма үзэсгэлэнт бүсэд зуслангийн газар байгуулж хөрөнгө оруулалт хийжээ.
Тэрээр хэлэхдээ: "Энд амралт, зугаа цэнгэлийн газар байгуулах нь байгаль орчин, соёлын давуу талтай, хүмүүсийн сонирхлыг илүү татах бөгөөд зам харилцааны нөхцөл нь маш сайн."
Аялал жуулчлал, гуанз рестораны салбар эрчимтэй хөгжиж байгаа нь нутгийн иргэдийг ч ажлын байраар хангах болжээ.
Алма амралтын газарт тогоочоор ажиллаж буй Жийдар Мандай: "Би энд гурван жил гаруй ажиллалаа. Зуны амралтаар бизнес харьцангуй сайн байдаг, сарын цалин маань 7000 юаньд хүрдэг" гэв.
Юань И тосгон нь Гулз хотоос хамгийн ойрхон тосгон юм. Сүүлийн жилүүдэд уг тосгон хөдөө нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг иж бүрэн гүнзгий хэрэгжүүлж, замын хөдөлгөөн, барилга байгууламж, амьдрах орчин, аж үйлдвэрийн бүтээн байгуулалтыг шинэчлэн сайжруулав. 2019 онд "Аялал жуулчлалын хотхон", "Яруу найраг, уран зургийн ферм"-ийн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэн, цэцэг ургамал сонирхохоор гол болгосон жуулчлалын маршрутыг хөгжүүлэв. Гулз хотын тээврийн товчоо аялал жуулчлалд чиглүүлэн 3 сая 456 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж, цэцгийн баазад хүрэх өнгөт ваарын 5 км зам тавьсан юм.
Гулз хотын соёл, аялал жуулчлалын ХХК-ийн ерөнхий менежерийн орлогч Лю Вэйбин хэлэхдээ: "Тээврийн ая тухтай нөхцөл байдал нь хөдөө тосгоны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэлээ. Жуулчдын жилийн өсөлтийн хэмжээ 30% орчим байж, эдийн засгийн орлого 5 сая гаруй юаньд хүрсэн” гэв.