Зам засвар, арчлалтын ажилд Chip sealer болон Slurry sealer гэсэн шинэ төрлийн авто машин, техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлж ашиглаж эхэлжээ.
Chip sealer болон Slurry sealer гэсэн хоёр төрлийн тоног төхөөрөмж нь авто замын асфальбетон хучилтад гадаргуун боловсруулалт хийх зориулалттай бөгөөд технологийн хувьд олон давуу талтай юм. Chip sealer машин нь 85 км/цаг хүртэл хурдлах боломжтой, 4,2 м өргөн, 3-6 км/цаг хурдтайгаар гадаргуун боловсруулалт хийх хүчин чадалтайгаараа онцлог тул цаг хугацаа, хүний хөдөлмөрийг хөнгөвчилнө.
Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Ч.Сугармаа "Slurry sealer машины хувьд хольцонд орох дүүргэгчийн хэмжээ 5 мм хүртэл ширхэглэлтэй байдаг. Энэ нь хучилтын зузааныг нэмэхгүй, харин өгөршиж, элэгдсэн хучилтын дүүргэгчийг холбох, ан цав, хагарлыг бөглөснөөр хучилтын доод үеүдэд ус нэвчихээс сэргийлснээр хучилтын эвдрэлийг зогсоох, сааруулах боломжтой. Эдгээр машинаар ээлжит засварын ажлыг тогтмол хугацаанд хийж засвар арчлалтын хөрөнгийг хэмнэж, хөдөлгөөний бэлэн байдлыг хангах, аюул осолгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэх юм" хэмээн хэллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Эдгээр машиныг өнгөрсөн жил монголдоо оруулж ирсэн. Түүнээс өмнө бид инженер, техникийн ажилчдадаа сурган, бэлтгэж байгаад ийнхүү ажиллуулж байна. Ашиглалтын хугацаа нь 15-20 жил. Хучилт хийхэд өртөг өндөр, цаг хугацаа их шаарддаг байсан. Энэ машин нь өмнөх хучилт хийж байсан технологиудтай харьцуулбал өртөг хямд, түргэн хугацаанд засвар, хучилт хийх боломжтой" гэв.
Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Баруун бүсийн авто замын коридор, хөрөнгө оруулалтын хөтөлбөр” –ийн хүрээнд “Авто замын засвар арчлалтын техник, тоног төхөөрөмж нийлүүлэх ажил” гүйцэтгэх гэрээний дагуу “Мехлопат” ХХК-аас манай улсад зургаан төрлийн машин механизм, программ хангамжийг нийлүүлсэн. Тус машиныг Лүн-Дашинчилэн чиглэлийн замын ээлжит засварт ашиглаж байна.
Манай орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, тээврийн хэрэгслүүд даац хэтрүүлэн зорчдогоос замын эвдрэл хурдацтай явагддаг. Түүнчлэн зам засварын ажилд ихээхэн хэмжээний төсөв, зардал, хүн хүч, цаг хугацаа шаардддаг билээ. Эдгээр машиныг ашиглан гадаргуун боловсруулалт хийснээр авто замуудын ашиглалтын хугацаа буюу насжилтийг уртасгах бүрэн боломжтой болно.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн яам