Нийгэм
2022.06.28 16:40
383
Наадмын үеэр үйлчилгээ эрхлэх ААН-ын хүсэлтийг маргаашнаас цахимаар авна

Үндэсний их баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж (ААН)-ийн хүсэлтийг маргаашаас буюу 2022 оны зургадугаар  сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ.

Энэ жил тухайд наадмын үеэр үйлчилгээ эрхлэх сонирхолтой аж ахуй нэгжүүдийн хүсэлтийг цахимаар хүлээн авах ба иргэд биеэр очих шаардлаггүй юм.

ААН-үүд Цахимаар www.ulaanbaatar.mn сайтын “үйлчилгээ эрхлэх бүртгэл” хэсгээр орж тавигдах шаардлагын дагуу материалаа бэлдэж бүртгүүлнэ. Бүртгэл баталгаажих үед QR код олгоно.

Энэ жилийн хувьд нийт 374 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах боломжтой. Өмнөх жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбай болон Хүй долоон худгийн хоёр тойрогт худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хүсэлт авна.

Төв цэнгэлдэх орчимд үйлчилгээ эрхлэгчид асарт, Хүй долоон худагт гэрт үйлчилгээ үзүүлнэ.

Аж ахуйн нэгжүүд цахимаар хүсэлтээ өгч, тэрхүү хүсэлт нь баталгаажиж QR код авсны дараа УБЗАА-ны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллага хамтран сургалт явуулж, зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Баяр наадмын өдрүүдэд мэргэжлийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Хяналтыг чиг үүргийн дагуу тогтмол зохион байгуулна. Хог тээвэрлэлтийг ТҮК-ууд хариуцна. Хатуу болон шингэн хог хаягдлыг байршуулах цэгүүд бий. Аж ахуйн нэгжүүд тухайн цэгт хог хаягдлаа байршуулна гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал мэдээллээ.