Нийгэм
2022.06.28 21:19
752
Баялаг бүтээгчид тулгамдаж буй асуудал, гарц шийдлээ хамтдаа хэлэлцлээ

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны II их хурал /2022.06.28/ өнөөдөр боллоо. Тус хуралд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг дахь салбар хороодын 300 гаруй гишүүд дэмжигчид идэвхтэй оролцсон юм.Орон даяар 900 мянга гаруй гишүүд дэмжигчтэй тус хурлаар холбооны дүрмийг шинэчлэн баталж "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны хоёрдугаар их хурлаар өнгөрсөн 7 жилийн үйл ажиллагааны тайлан болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан бодлогын зөвлөх, ББДХ-ны Тэргүүн Ч.Даваабаяр 

" Цар тахлын үед Үндэсний баялаг бүтээгчид маань маш хүнд давааг давлаа. Гэсэн хэдий ч бид Их хурлаа хийж, 95.5 хувийн өндөр ирцтэйгээр хөдөө орон нутаг болон нийслэлийн 300 гаруй төлөөлөгчид хуран цуглаж тулгамдаж байгаа асуудал болон шийдэл гарцаа ярилцлаа. Мөн энэ үеэр холбооны шинэ Тэргүүн, шинэ Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө сонгосон.   Ер нь манай баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид урам зориг дүүрэн байна.

Төр биднийг бодлогоор багахан дэмжээд өгөхөд л Үндэсний үйлдвэрлэгчид босоод , сэргээд ирэх боломжтой гэж харж байна. Мөн цар тахал нэгэнт аюултай өвчин боловч нөгөө талаас Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ авч үлдэх, дахин сэргэх боломж олгож байгаа. Тиймээс энэхүү боломжийг монголчууд, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид цаашлаад төр алдаж болохгүй юм. Ийм л учраас бид төр хувийн хэвшлийн нэгдмэл харилцаа уялдаа холбоогоо сайжруулан хамтран ажиллах ёстой. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг давж гаръя гэсэн нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрлээ. Тиймээс энэ удаагийн Их хурал өндөр ач холбогдолтой болж өндөрлөлөө"хэмээлээ. 

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоон”-ны Дэд Ерөнхийлөгч Ц.Бат-Эрдэнэ” 

"Бид өнөөдөр үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ хамтраад ямар сул тал байна тулгамдаж байгаа асуудлуудаа хэрхэн шийдэх талаар ярилцлаа. 

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн том саад болж байгаа зүйл нь бид "худалдааны ченжийн улс" болсон. Дотооддоо баялаг бүтээж буй үйлдвэрлэлээ хамгаалах ямар ч хууль эрх зүйн орчингүй байна. Татварын орчин маш сул. Жишээ нь ямар нэгэн зүйл үйлдвэрлэлээ гэж бодоход үйлдвэрлэх гэж байгаа тоног төхөөрөмж нь  өндөр татвартай орж ирдэг.  Гэтэл эцсийн бүтээгдэхүүн нь татваргүй орж ирдэг. Тэгэхээр энэ хооронд ямар ч өрсөлдөх боломжгүй болж байна шүү дээ. Татварын хуулиас шалтгаалаад Монголд үйлдвэрлэхэд илүү өндөр өртөгтэй болоод байгаа гэсэн үг юм. Иймд төрийн зүгээс татварын орчинг таатай болгох хэрэгтэй.  Цаашид худалдаа эрхлэгчид импортоор оруулж ирж байгаа хүмүүстэйгээ адилхан татварын орчинтой болох нь зүйтэй гэж үзэж байна" гэлээ.