ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрээр зарим халаа сэлгээ, томилгооны талаар тайлбарлав.
Д.Амарбаясгалан: "Засгийн газрын бодлогоор томилгоо хийгдэж байгаа. УУХҮЯ-ны сайд Г.Ёндон бол уул уурхайн салбартаа мэргэжлийн хүн. Энэ салбартаа мэргэжлээрээ 30 орчим жил ажилласан. Тиймээс уулын баяжуулах Эрдэнэс таван толгой гэх мэт томоохон уул уурхайн үйлдвэрүүд мэргэжлийн удирдлагуудаар хангагдаж байх ёстой. Дан ганц мэргэжлийн гэхээсээ илүү улс төрийн туршлагатай, ЗГ, УИХ-ын түвшинд үйл ажиллагаагаа танилцуулдаг, улс төрийн харилцаа хийх боломжтой зэргийг харгалзан үзэж улс төрийн томилгоо дээр анхаарч ажиллаж байна.
Улс төрийн харилцаанд илүү орж, УИХ, ЗГ-ын түвшинд ажлаа ойлгуулж чаддаг улс төрийн туршлагыг нь бас харж байгааг ард түмэн ойлгож байгаа байх. Г.Ёндон сайд хийж байсан бол одоо уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллуулах шийдвэрийг ЗГ-аас гаргаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн Эрдэнэс Монголын бүрэлдэхүүнд багтсан зэсийн группыг хөл дээр нь босгуулах үндсэн даалгавар авч ажиллахаар болсон. Энэ бол зөвхөн цаасан дээрх байгууллага. Ажлын дадлага туршлагыг нь ЗГ-аас ашиглаж байна.
Л.Халтар сайдыг ЗТХ-ийн дэд сайдаар томилсон байгаа. Л.Халтар сайд бол хүндхэн цаг хугацаанд ажиллаж байсан. Өөрөөс нь хамаарсан алдаа дутагдал нь 100 хувь биш. Л.Халтар сайд УБТЗ-д маш олон жил ажиллаж, цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан алтан мэргэжилтэн хүн тул чадварыг нь бусад салбарт ашиглах ёстой гэж ЗГ-аас үзсэн учраас томилгоо хийсэн."