Монгол Улсын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэв. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгов.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар; 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорциональ) аргаар сонгосон юм. Тэгвэл уншигч та бүхэнд шинэ сайд, гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
Эхний дугаартаа Архангай, Баянхонгор, Өвөрхангай буюу 1-р тойргоос сонгогдсон АН-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийг танилцуулъя.
Оюунсайханы Алтангэрэл хуульч мэргэжилтэй. Хууль зүйн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Хууль зүйн ухааны Магистр, Докторант, Олон улсын харилцаа-нийтийн удирдлагын Магистр, Докторант. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт Сургалтын офицероор ажлын гараагаа эхэлсэн ба Шүүхийн ёс зүйн хорооны дарга, Хууль зүйн яамны газрын дарга, Ардчилал судлалын хүрээлэнгийн захирал зэрэг албан тушаал хашиж байжээ.
Хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр 20 гаруй ном, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлийг бие даан болон хамтран туурвисан. Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх бүтцийг Монгол Улсад анх удаа бий болгоход гар бие оролцож, амжилттай хэрэгжүүлсэн байна.
Авлигын чиглэлээрх 10 жилийн судалгаа шинжилгээндээ үндэслэж Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Мөн “Алтангэрэл сан”-гийн тэргүүн.
Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг:
Нийт орлого: 278,486,210 ₮
3 тэрбумаар үнэлэгдэх 2 орон сууц, 1 авто зогсоолтой бол 886 саяар үнэлэгдэх 6 ширхэг автомашинтай аж. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламжийн тухайд 80 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.